ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГҮҮДИЙГ ОЙЖУУЛЖ, НОГООН БҮС БОЛГОХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төвлөрсөн хогийн цэгүүдийг үе шаттайгаар ойжуулах, нөхөн сэргээх ажил Цагаан давааны хогийн цэгээс албан ёсоор эхэлж байна.
Төслийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж хэлсэн үгэндээ хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Хөрсөө алдах нь тусгаар тогтнолоо алдаж буйтай агаар нэг. Тиймээс хөрсний бохирдлыг арилгах, цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад иргэн бүр хичээл зүтгэлтэй оролцох учиртай. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 130 сая мод тарьсныг онцоллоо. Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван томоохон хог хаягдлын төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төвүүдэд өдөрт дунджаар 3,000 орчим тонн хог хаягдал төвлөрдөг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.
Цагаан давааны хогийн цэг 2012 онд ажиллаж эхэлсэн бөгөөд 2020-2022 онд нийт 10 га талбайг нөхөн сэргээжээ. Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг ойн мэргэжлийн байгууллага “Хамтын төгөл” ХХК-ийн инженер, техникийн ажилчид гүйцэтгэх бөгөөд нийт 15 га талбайд 312,000 ширхэг хайлаас модны суулгац таригдана.
Уг байршилд ойжуулалт хийснээр булагдсан хог хаягдлаас үүдэлтэй метан хийн тархалтыг хязгаарлах, хөрсийг бэхжүүлэх, тоосжилтыг барих замаар ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах стратегийн ач холбогдолтой.
Энэхүү төсөл нь хогийн цэгийг хотын ногоон бүс болгон өөрчлөх “Ногоон хэрэм”-ийн эхлэл болж байгаа бөгөөд өнөөдөр төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмадын хороо зэрэг олон талт төлөөллийн 1100 гаруй хүн оролцож, нийт 3500 гаруй суулгац суулгалаа.
Цөлжилтийг бууруулж, эх дэлхийгээ хамгаалахад хамтран ажиллаж, дэмжиж тусалж байгаа хүн бүхэнд талархал илэрхийлье.