x
Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах
нөхцөлийг хангаж, хотын өнгө төрхийг орчин үеийн
хөгжлийн өндөр түвшинд хүргэнэ

Эмгэнэл илэрхийлье – МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН БАНЗАРЫН МӨНХЦЭЦЭГ

Эмгэнэл илэрхийлье – МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН БАНЗАРЫН МӨНХЦЭЦЭГ

ЭМГЭНЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН
БАНЗАРЫН МӨНХЦЭЦЭГ
(1966-2026)

Бидний эрхмээс эрхэм дотны минь нөхөр, шилдэг улс төрч,  түмэн  олныхоо дунд  “Өндөр ээж “хэмээн өргөмжлөгдсөн  дарга, баг хамт олныхоо бахархалт удирдагч Банзарын Мөнхцэцэг хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурханы хутгийг олон нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

            Монгол улсын үндсэн хуулиар эрх олгогдсон нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад өөрийн ур чадвар, авьяас билэг хийгээд нийгэм эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэг, асуудлыг цогцоор нь харах далайцтай хурц ухаан- нэгжийн удирдлагын тоонот тулгуур  нь байж улс төрийн болоод нийгмийн олон салбарт утга учиртай амьдралынхаа 40 шахам жилээ зориулсан гавьяатан байлаа.

Банзарын Мөнхцэцэг нь 1966 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төрж бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 1974-1982 онд Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуульд 8 анги, 1982-1984 онд төв аймгийн Зуун мод хотын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэж улмаар 1984-1989 онд Политехникийн дээд сургуулийг хүнсний механик инженер мэргэжлээр төгссөн юм.

1990-2002 онд Талх чихэр ХХК-д механик инженер, 2004-2006 он Мандахжин ХХК-ийн  захирал, Сонгинохайрхан дүүргийн 7, 25 дугаар хорооны Засаг даргаар ажилласан 10 гаруй жилийн хугацаанд төрийн захиргааны анхан шатны нэгж хорооны засаглалын чадавхыг эрс сайжруулж, жил дараалан ажлын шинэ шинэ санал, санаачлага гарган дүүрэг, хорооныхоо иргэд, хамт олонд төрийн захиргаа, нийгмийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, өвөрмөц хэлбэрээр хүргэж , тулгамдсан асуудлуудыг соргогоор мэдэрч Төрд түүнийг шийдвэрлэх гарцыг зөв олж, уламжилдаг гүүр нь байсан юм. Орон нутгийн татварын бааз суурийг бэхжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэсэн журмын нөхөд нь эрхэм таныгаа дурсан санаж байна.

     Иргэд, олон түмэн, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчид нэгэн санаа зорилготой, эв нэгдэлтэй, хамтач зохион байгуулалттай удирдаж байсны үр дүнд улсын хүн амын 10 гаруй, Нийслэлийн хүн амын 23 хувь амьдардаг 43 хороотой 90-ээд мянган өрхтэй, 350-аад мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүргийг удирдах хариуцлагатай ажлыг 4 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэсэн юм.

Дүүргийн Тэргүүлэгчээр 3 удаа сонгогдож,  2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа Гэмт Хэргээс Урьчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар  Зөвлөлийн  гишүүд болох шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай нэг санаа бодол, зүтгэлтэйгээр ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хорооны дэд зөвлөл, иргэдийн оролцоо сайжирч, орон нутагтаа баг болон гар нийлэн ажиллаж байлаа.

2020-2024 он НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон Сонгинохайрхан дүүргийн, нийслэлийн намын хорооны гишүүн, бага хурлын гишүүн, МАН-ын 129 дүгээр үүрийн дарга, МАН-ын 129 дүгээр үүрийн дэргэдэх Нийгмийн ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны даргын сонгуульт ажлыг нэр төртэй түшилцэж  намын анхан шатны байгууллагаас ажиллан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургаж-хөгжүүлэх төрийн үйлчилгээ, захиргааны ажлын арга барилд гаргуун  чадварлаг удирдагч болохоо харуулж чадсан билээ.

Түүнчлэн 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянхошуу бүсийн иргэдийн итгэлийг хүлээж, нийслэлийн Төлөөлөгчөөр сонгогдон, Нийслэлчүүдийнхээ тав тухтай цэвэр орчинд сайн сайхан эрүүл амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө цаг наргүй- уйгагүй хичээл зүтгэл гарган ажилладаг хөдөлмөрч хамт олныг 2020 – 2025 он хүртэл удирдан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын даргын нэр төртэй бөгөөд хариуцлагатай албыг хашиж байлаа.

Байгууллагын 600 гаруй ажилчдын цалин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоогоор ханган хот нийтийн аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх ажилд сэтгэл зүтгэл, идэвхи санаачлага, гарган манлайлан ажиллаж олон асуудалд шийдэл гарган удирдлага зохион байгуулалтын өндөр түвшинд хамт олноо удирдан чиглүүлж ирсэн юм.

       Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 2010 онд Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, 2010 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, 2009, 2014, 2019, 2024 онд Улаанбаатар хотын 370, 375, 380, 390 жилийн ойн медаль, 2012 онд Сонгинохайрхан дүүргийн “Хүндэт тэмдэг”, 2007, 2012, 2017, 2022 онд Сонгинохайрхан дүүргийн 15, 20, 25, 30 жилийн ойн медаль, 2009 онд Нийслэлийн ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”, 2013 онд Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”, 2011 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”, 2011, 2021 онд Ардын хувьсгалын 90, 100 жилийн ойн медаль, 2015 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2016 онд Хөдөлмөрийн “Тэргүүний ажилтан”, 2017 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Хүндэт тэмдэг”,  2019 онд Улаанбаатар хотын тэргүүн дээд шагнал “Хангарьд одон”-оор тус тус шагнагдсан байна.

Мөн тэрээр, Улс төрийн ажилтны хувьд 2009 онд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, 2010 онд МАН-ын “Эх орны төлөө” медаль, 2011 онд МАН-ын “Тэргүүний ажилтан”, 2011, 2021 онд МАН-ын 90, 100 жилийн ойн медаль, 2013 онд МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”, 2014 онд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Нийгмийн зүтгэлтэн одон”, 2015 онд Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн медалиар шагнагдан улмаар  Монгол улсын үндсэн хуулиар эрх олгогдсон нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад өөрийн ур чадвар, авьяас билэг хийгээд нийгэм эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэг, асуудлыг цогцоор нь харах далайцтай удирдан манлайлагчийн 35-н жилийг улс төрийн болоод нийгмийн олон салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндөрөөр үнэлэн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээсэн билээ. Банзарын Мөнхцэцэг 2025 оноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Хамгийн хайртай эрхэм хүнээ алдана гэдэг үр хүүхэд, ойр дотны ах дүү нар болон ач зээ, анд нөхдөд нь юутай их гарз, уй гашууг авчирдагийг үгээр хэлэхэд бэрх байна

Замба тивийн зоон дээр  хүмүүнийхээ тод мөрийг хөрстөд тамгалан үлдээж, манлайлан удирдахуйн гайхамшиг, хамт олныхоо  нэр төр- алдар гавьяаны эзэн, эрхэм таныхаа  гэгээн төрх, хайр гэрэлтсэн харц, цор ганц инээдэн баясал бидний  сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

Тэнгэр болсон таныхаа төрөл садан, үр хүүхэд, анд нөхөр, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлье.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олон