Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!

            Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн тав тух, цэвэр цэмцгэр байдлын төлөө ажиллана гэдэг маш том үүрэг, хариуцлага юм. 2006 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Захирагчийн харъяанд Хот тохижилтын газрыг анх байгуулж байсан ч 2013 онд байгууллагын бүтэц, чиг үүргийг өөрчилж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон өргөжүүлсэн. 2016 оны 09 дүгээр сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р тогтоолоор уг байгууллагыг татан буулгасан ба Хот тохижилтын газар нь хуучин нэршилээ хадгалж, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгийн менежмент, эзэнгүй нохой муурын устгал гэх мэт Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээн, 700 гаруй ажилтантайгаар ажиллаж байна.

      Бид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник, технологийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэхийн зэрэгцээ хотын хөгжлийн салшгүй хэсэг болсон ногоон байгууламж, ландшафтыг хөгжүүлэх шинэ менежментийг удирдлага болгон ажиллах болно. Түүнчлэн иргэдийн ухамсар соёлыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад эерэг ойлголт, мэдлэг олгоход чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хотын соёлыг холоос биш хамгийн ойр, өөрөөсөө эхлэхийг нийт иргэддээ уриалья.

ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХЦЭЦЭГ