УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

“Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт-Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн түүхэнд Монгол хэмээх нэрийг мөнхлөн үлдээсэн эцэг дээдэс маань өдгөөгөөс зургаан жаран, хоёр арваны тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.

Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ. Энэ он жилүүд бол эсгий гэр, нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Өөрөөр хэлбэл энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм. 

Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна. Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах гэж байна. Энэхүү хуулиар нийслэлийг бие даасан төсөв, газрын бирж, өөрийгөө хөгжүүлэх сантай, олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв болгох эрх зүйн үндсийг тогтооно. Түүнчлэн үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг Улсын Их Хурал ямагт дэмжих болно.

Иргэндээ ээлтэй, амар тайван, аз жаргалтай, Монгол хүрээ соёлын өв уламжлал, дэлхий дахины соёл иргэншлийн шилдэг туршлагыг хослуулсан шинэ Улаанбаатарыг цогцлоох Та бүхний эрхэм үйлс тэгш дүүрэн байх болтугай. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань эрчимт хөгжлийн өнгө гэрлээр сүлэгдэж, эзэд нь болсон иргэн түмний амьдрал баяр жаргалаар бялхам байхын ерөөл өргөе

Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Үндэсний түүх, соёл, өв уламжлалаа мэддэг, хүндэтгэн дээдэлдэг ард түмний төрт ёс нь өндөр, түмэн олон нь өөдрөг тэнүүн, тусгаар тогтнол нь бат бэх байдаг. Тиймээс төрт ёсны уламжлал, үнэт зүйлээ улам бэхжүүлж, хамгаалах нь чухал.

Он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаан дунд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, өнө холын ирээдүй рүү зорьж буй нийслэл хотынхоо түүхэн замналаар энэ л өдөр бид бахархахгүй байхын аргагүй билээ.

Нийслэл хот маань үүсэн байгуулагдсанаасаа хойш 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэл суудал хийсний эцэст 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөсөн  түүхтэй. Түүнчлэн дотоодын хямралаас улбаатай халдлага дайралтад өртөн, бүтээн байгуулсан сод бүхнээ сүйтгүүлсэн гэх зэргээр хүнд бэрх зам бишгүй туулсан.

Зуу гаруйхан жилийн өмнө Төв Азийн нүүдэлчдийн эсгий хот байсан Улаанбаатар нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн дуудуулах хүртэл хөгжин дэвжихэд бидний өвөг дээдсийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл өгүүлшгүй их. Суурин соёл иргэншлийн нөлөөгөөр өдгөө нийслэл хот маань хүн амын төвлөрлөөс үүдэлтэй олон асуудал бэрхшээлтэй тулгараад байна. Гэхдээ монголчууд бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээдэг ард түмэн билээ. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлж чадвал өнөөгийн хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, өөрсдийн үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхийд өрсөлдөх чадвартай хотыг цогцлоон байгуулах боломжтой. 

Энэ цаг үед улсын хөгжлийн зүтгүүр болж яваа Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид Та бүхнийг нийслэл хотынхоо хөгжлийн төлөө элгэн халуун сэтгэлээр хандаж, хамтдаа хүчээ нэгтгэн урагшлахыг хүсэн ерөөе. Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тулсан Улаанбаатар хотын маань түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.