2020 СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

                                                                                                    Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан стратеги төлөвлөгөө боловсрууллаа.   БОЛОВСРУУЛСАН:                                     ЭДИЙН ЗАСАГ, ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС                                           УЛААНБААТАР ХОТ 2017 ОН                  
БАТЛАВ. “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГАЗРЫН                        ДАРГА                                 Б.БЯМБАДОРЖ
 
“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН 2017-2020 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ


     

 “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР”

ОНӨААТҮГАЗРЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

АГУУЛГА

Нийтлэг үндэслэл

нэгдүгээр бүлэг. стратеги төлөвлөгөөний үндэслэл, арга зүй

1.1 Стратеги төлөвлөгөөний үндэслэл

1.2 Стратеги төлөвлөгөөг боловсруулсан арга зүй

хоёрдугаар бүлэг. өнөөгийн ТӨЛӨВ байдал, үнэлгээ

2.1 Дагаж мөрдөж буй бодлогын баримт бичиг

2.2 Үндсэн чиглэл, чиг үүрэг

2.3 Байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн байдал

2.4 Байгууллагын хүний нөөцийн өнөөгийн чадавхи

2.5 Төсөв, санхүүгийн нөхцөл

2.6 Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байдал

2.7 Өнөөгийн гадаад, дотоод орчны үнэлгээ

гуравдугаар бүлэг. стратегийн чиглэл

3.1 Алсын хараа

3.2 Эрхэм зорилго

3.3 Стратегийн зорилтууд

3.4 Үйл ажиллагааны хамрах хүрээ

дөрөвдүгээр бүлэг. стратеги төлөвлөгөөний хэрэгжилт

4.1 Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, бүтэц зохион байгуулалт

4.2 Хүрэх үр дүн

            4.3 Стратеги төлөвлөгөөний биелэлтийн хяналт, үнэлгээ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг технологийн дагуу хөрсөөр дарж булах, хог хаягдлыг ангилан ялгах, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт, нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, хөшөө дурсгалын цогцолбор газрын засвар, арчлалт, эзэнгүй нохой муурын устгалыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн.

нэгдүгээр бүлэг. стратеги төлөвлөгөөний үндэслэл, арга зүй

  1. Стратеги төлөвлөгөөний үндэслэл

Улаанбаатар хотын зургаа дахь ерөнхий төлөвлөгөө болох “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан.

Ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилго нь иж бүрэн тооцоо судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан баримт бичгүүдийг үндэслэн тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээн байгуулалтыг өргөн далайцтай өрнүүлэх замаар нийслэл хотын оршин суугчдын ажиллаж, аж төрөх таатай орчин нөхцөл бий болгоход оршино.

Үүнтэй уялдуулан нийтийн үйлчилгээг дэлхийн бусад улс орон, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилд ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, асуудлыг стратеги төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх, илүү үр дүнтэй ажиллахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах зорилготойгоор “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 2020 он хүртэлх стратегийн төлөвлөгөөг боловсруулав.

  1. Стратеги төлөвлөөг боловсруулсан арга зүй

Хот тохижилтын газрын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 31-ний 93 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө боловсруулах заавар”, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн    иргэдийн    Төлөөлөгчдийн  Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ны өдрийн 3/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/10 дугаар тогтоолоор батласан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” -ийн баримт бичгийг үндэслэн;

→ Өнөөгийн төлөв байдлын үнэлгээ

→ Алсын хараа

→ Эрхэм зорилго

→ Тэргүүлэх зорилт

→ Стратегийн зорилт

→ Стратегийн зорилгуудыг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

→ Хүрэх үр дүн гэсэн дарааллаар боловсруулав.

хоёрдугаар бүлэг. өнөөгийн ТӨЛӨВ байдал, үнэлгээ

2.1 Дагаж мөрдөж буй бодлогын баримт бичиг

Хот тохижилтын газар нь “Монгол Улсын Үндсэн Хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Зөрчлийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал, албан даалгавар болон дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

2.2 Үндсэн чиглэл, чиг үүрэг

 ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.               

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны                          08 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот тогтоолоор газрын  дүрмийг баталж дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгасан. Үүнд:

  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
  • Ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт
  • Төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагаа
  • Эзэнгүй нохой муурын устгал зэрэг ажлуудыг хариуцан ажиллана.

ЧИГ ҮҮРЭГ:

  • Захиргаа, хүний нөөцийн хэлтэс

Хүний нөөцийн бодлого боловсруулж ажиллах, чадварлаг хүний нөөцийн баг бүрдүүлэх, ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хангах, түүнд хяналт тавих, газрын хэмжээнд  сахилга дэг журам, хариуцлагыг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.

Бүтэц зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлуулах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх, газрын бизнес төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, боловсон хүчний сургалт, хөгжлийн асуудлыг удирдан зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ.

  • Санхүү бүртгэлийн хэлтэс

Санхүүгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Монгол улсын нягтлан бодох бүртгэл болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн мөрдөж ажиллах, газрын санхүүгийн   тайлан мэдээг үнэн зөв, цаг хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлж тайлагнах чиг үүрэгтэйгээр газрын орлого зарлагын төсөв, төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих, мөнгөн урсгалыг төлөвлөж, зохицуулалт хийх, тайлан тэнцэлд шинжилгээ хийж, ашиг алдагдлыг тооцож ажиллана.

  • Эдийн засаг, хангамжийн хэлтэс

Газрын эдийн засгийн үзүүлэлтийг нэгтгэн тооцох, мэдээ тайлан гаргах,  үйл ажиллагааны статистик судалгаа хийх, хэтийн төлвийг тодорхойлон сар, улирал, жилийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллана.

 Хэлтэс, алба, нэгжүүдийн орлого, зардлыг төлөвлөх, норм нормативыг боловсруулж батлуулах, ажиллах хүчний орон тоо, цалин хөлс, урамшууллын механизмыг бий болгож оновчтой хэрэгжүүлэх, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалыг олж хугацаанд нь нийлүүлэх, зарцуулалтад хяналт тавина.

  • Тохижилт үйлчилгээний алба

Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт үйлчилгээг хариуцаж ажиллана. Гудамж зам талбайн цас цэвэрлэгээ, усалгаа, арчилгааг зориулалтын машин механизмаар гүйцэтгэнэ.

Хөшөө дурсгалын цогцолборт газрын арчлалт хамгаалалтыг хариуцна.

  • Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба

Төвлөрсөн хогийн цэгийн ашиглалт үйлчилгээг хариуцан хог хаягдлын менежментийг сайжруулах. Хогийн цэгийн хамгаалалтын бүсийг цэвэрлэж, тохижуулах, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтэд хяналт тавих.

Ландфилл технологийг горимын дагуу хийж гүйцэтгэнэ.

  • Ногоон байгууламжийн алба

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийг хариуцан нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцлүүдийг бүрдүүлэн, байгаль орчин ногоон байгууламжинд хандах хандлагыг нэмэгдүүлэн ажиллана.

  • Авто бааз

Авто бааз нь холбогдох хууль тогтоомж, зорилтот хөтөлбөр, төслийн баримт бичгүүд, газрын дүрмийг удирдлага болгон “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГын үйл ажилллагааг хэвийн тасралтгүй явуулахад машин техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах чиг үүрэгтэй. Тус газрын хариуцан ажиллаж буй нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг зориулалтын автомашинаар шүүрдэж, соруулах, зам талбайн үйлчлэгч нарын тодорхой цэгт цуглуулсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, өвлийн улиралд цас мөсийг цэвэрлэж хальтаргаа гулгаагүй болгох ажлын хүрээнд тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллана. Дулааны улиралд ногоон байгууламжийн усалгааг технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.

  • Шуурхай үйлчилгээний алба

Нийтийн үйлчилгээний мэдээллийн шуурхай удирдлага зохицуулалтын ажлын оновчтой менежментийг хэрэгжүүлэх, өдөр тутам хяналт тавих, болзошгүй аваар осол, саатлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, аваар ослын үед хүн хүч, техникийн нөөцийн шуурхай зохицуулалт хийнэ.

Шуурхай үйлчилгээний алба нь 24 цагийн турш интернет сүлжээ болон дотоод холбоогоор газрын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээний гомдол санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох нэгж хэсэгт цаг хугацаа алдалгүй мэдээлж асуудлыг шийдвэрлүүлнэ.

2.3 Байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн байдал

            Тус газар ньУлаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 337.7 км  зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 46 га талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Нарангийн энгэр, Цагаандаваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, арван есөн байршилд байрлах нийтийн бие засах газар /City toilet/, Алтан-Өлгийн хүндэтгэлийн орлуулгын газрын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

2.3.1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн 337,7 км замын өдөр тутмын цэвэрлэгээг Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албаны 12 хэсгийн 12 мастер, 251 зам талбайн үйлчлэгч хариуцан цэвэрлэн ажилладаг.

2.3.2. Нарангийн энгэрийн ТХЦ, Цагаан давааны ТХЦ, Морин давааны ТХЦ, зэрэг нийслэл орчмын 3 төвлөрсөн хогийн цэгүүдэд ирж байгаа хог хаягдлыг технологийн дагуу хөрсөөр дарж булах ажлыг хариуцан батлагдсан бүтцийн дагуу 79 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

2.3.3. Ногоон байгууламжийн алба нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн                     46 га талбайд тохижилт, арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг цэцэрлэгч, агрономич, агротехникч, инженер, ландшафтын архитектор зэрэг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн ажлын туршлагатай 157 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэж байна.

2.3.4. Иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс эзэнгүй нохой муур агнаж устгах ажлыг гүйцэтгэдэг. Устгах ажлын хүрээнд хөрсний бохирдол, дарж булах ажлын зардлыг бууруулах зорилгоор агнасан нохой муурыг шатааж устгах зориулалтын бүхий 2 шатаах зуухтай объект Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт байгуулсан.

Эзэнгүй нохой муур устгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулалтыг хийж шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Тус газар нь Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргүүдийг хариуцан агнах ажлыг гэрээт анчдаар гүйцэтгүүлж байна.

2.4 Байгууллагын хүний нөөцийн өнөөгийн чадавхи

Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 9 сарын 19-ний өдрийн А/661 тоот захирамжаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрын бүтэц орон тоог 706 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. Үүнд:

– Газрын дарга

– Орлогч дарга -2

– Ерөнхий инженер -1

– Захиргаа, хүний нөөцийн хэлтэс -15

– Санхүү бүртгэлийн хэлтэс -14

– Эдийн засаг, хангамжийн хэлтэс -8

– Тохижилт, үйлчилгээний алба -292

– Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба -79

– Ногоон байгууламжийн алба -157

– Шуурхай үйлчилгээний алба -17

– Авто бааз -120 гэсэн хэлтэс, алба, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Газрын үйл ажиллагааны чиглэлээр бүтэц орон тоог схемлэн харуулбал:

2.5 Төсөв, санхүүгийн нөхцөл

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн А/638 дугаар тогтоолоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ татан буугдаж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ байгуулагдсан.

Тус газар нь 2016 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан 539,467.5 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 16,789,843.6 мянган төгрөгийн эргэлтийн бус хөрөнгө, нийт 17,329,311.1 мянган төгрөгийн хөрөнгийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажил гүйцэтгэн нийслэлийн төсвөөр санхүүжигддэг.

Цаашид байгууллагын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажиллана.

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГАЗРЫН  2017 ОНООС 2020 ОНЫ

ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ

Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Монгол улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн танилцуулга”-нд дурьдснаар дунд хугацаанд томоохон төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тооцоолж байгаа тул уул уурхайн салбарын өсөлт 2018 оноос сэргэж 1.1 хувь, 2019 онд 18.7 хувь хүрэхээр байна. Иймд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэж 2019 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг үндэслэн эдийн засгийн ойрын төлөвлөгөөг таамаглан хийлээ.

Хүснэгт. Монголын эдийн засгийн төлөв байдал, төсөөлөл, 2013-2019
 
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он  
Гүйц Гүйц Урьд. Гүйц Хүл буй Гүйц Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл  
Эдийн засгийн бодит өсөлт, бууралт 11.6 7.9 2.3 3.0 3.4 4.3 6.8  
Инфляц (ХҮИ-ээр илэрхийлсэн), хувь 12.5 11.0 1.9 7.0 7.0 7.0 7.0  
Экспорт, сая ам.доллар 4269.1 5774.3 4669.5 3901.7 4228.9 4476.9 5352.4  
Импорт, сая ам.доллар 6357.8 5236.6 3797.2 4309.8 4770.9 5011.3 5253.8  

Энэхүү таамаглалд тулгуурлан 2020 оны нийт эдийн засгийн өсөлтийг 8.5 хувьд хүрнэ гэж таамаглалаа.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрын  2017-2020 оны хүртэлх эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшин

2.6 Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байдал

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазарт нийт 102 машин механизм, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас байгаагаас 80 тээврийн хэрэгсэл тогтмол ажиллаж байна. Үүнд:

– Хог тээврийн компакт машин -22 ширхэг

– Бага оврын ачааны машин -6 ширхэг

– Тусгай зориулалтын усны болон цасны машин -11 ширхэг

– Хүн тээврийн машин -7 ширхэг

– Механизм -6 ширхэг

– Талбай угаах тусгай зориулалтын машин -24 ширхэг

– Түлшний машин -1 ширхэг

– Бохир сорох машин -1 ширхэг

– Цахилгааны машин – 2 ширхэг байна.

2.7 Өнөөгийн гадаад, дотоод орчны шинжилгээ

Байгууллагын үйл ажиллагаанд саад болж буй гол тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, эерэг болон сөргөөр илэрч болох бүх хүчин зүйлс, тэдгээрийн зохистой шийдлийг томъёолоход СВОТ шинжилгээний зорилго чиглэгдсэн болно.

Гадаад орчны шинжилгээ

  Боломж   Бэрхшээл
Эдийн засгийн орчин
Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл тусгагдсан Улсын эдийн засгийн тогтворгүй байдал нь төсвийн санхүүжилтэд сөргөөр нөлөөлдөг
Цаг үеийн шаардлагаар дээд байгууллагаас шууд гэрээгээр ажил гүйцэтгэн нэмэлт орлого олох боломжтой Нийслэлийн төсвөөс шууд хамааралтай
  Эдийн засгийн байдлаас шалтгаалж, батлагдсан бодлого, хөтөлбөр хагас дутуу хэрэгжих
Техник, технологийн орчин
Орчин үеийн шинэ техник, технологи, мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх Төсвөөс шалтгаалан шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авч чаддаггүй
Судалгаа шинжилгээний үр нөлөөг дээшлүүлж, олон улсын жишигт хүргэх,аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах  
Эрх зүйн орчин
Нийтийн үйлчилгээний чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангасан тусгай хөтөлбөр, арга хэмжээ байхгүй
   
Нийгэм, соёлын орчин
Иргэдийн ухамсар соёлыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад эерэг ойлголт, мэдлэг олгоход чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах Хот төлөвлөлт, хүн амын хэт нягтралаас үүссэн асуудлууд тулгарах
  Зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс үүсэх ажлын ачаалал, эдийн засгийн илүү зардал тооцооллоос давах
Байгаль, цаг уурын орчин
Байгаль цаг, агаарын төлөв байдлыг урьдчилан мэдэж тосож бэлдэх, хохирол багатай даван туулах Байгаль, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн төрөл бүрийн бэрхшээл, учруулах хохирол жил тутам ихсэж байгаа

Дотоод орчны шинжилгээ

  Давуу тал   Сул тал  
Бүтэц, зохион байгуулалт
Ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүрт хийсэн Тус газрын хэлтсүүд болон холбогдох нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сул
Ажиллах хүчний хангалттай орон тоо болон нөөцтэй Хүний нөөцийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр байхгүй
Техник, технологи
Техник, технологийн ашиглалт, судалгаа, шинжилгээ хийдэг Техник, багаж зэвсэглэмжийн нөхөн хангалт хүрэлцдэггүй
Орчин үеийн техник, технологи, багаж хэрэгсэлийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Төсвөөс шалтгаалан шинэ техник,технологийг нэвтрүүлэх боломж бага, техник, багаж хэрэгслийн хангалт, хүрэлцээ муу,ихэнх хувь нь хуучирч муудсан
Ажлын байрны нөхцөл
Ажлын байрны шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр зохих түвшинд хангагдсан Ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, албан хаагчдын албандаа хандах хандлага, зан үйлийг өөрчлөх шаардлагатай
  Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангасан тусгай хөтөлбөр, арга хэмжээ байхгүй

гуравдугаар бүлэг. стратегийн чиглэл

3.1 Алсын хараа

Олон улсын жишигт хүрсэн нийтийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлнэ.

3.2 Эрхэм зорилго

Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг хангаж, хотын өнгө төрхийг орчин үеийн өндөр түвшинд хүргэнэ.

3.3 СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ-1     Хог хаягдлын менежментийг сайжруулах

Хог хаягдлын менежментийг сайжруулах нь хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, эрүүл мэндэд үзүүлж         буй хорт нөлөөллийг арилгах, хаягдал буюу түүхий эдийн нөөцийг зохистой ашиглахад чиглэнэ.

Стратегийн зорилт 1.1     Төвлөрсөн хогийн цэгийн менежментийг хөгжүүлэх  

 Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Хог хаягдал устгах ба дахин боловсруулах талаар шинэ арга технологийг судлах
  • 4R (Reduce, Reuse, Recycle, Recovery)-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх

Reduce -Хог хаягдал үүсэх хэмжээг багасгах,

Reuse -Дахин ашиглагдах хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах

Recycle -Дахин ашиглах боломжгүй үед зөв зохистой устгал хийх, үйлдвэрлэлд ашиглах

Recovery -Нөхөн сэргээх

  • Иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх
  • Орон сууц, гэр хорооллын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах ажиллагаанд сургах, нийслэлийн хэмжээнд хог хаягдалгүй орчин бий болгоход чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах
  • Хог хаягдлыг ангилан ялгаж, хоёрдогч түүхий эд боловсруулах, устгах чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлж, энэ чиглэлээр ажилладаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах

Хүрэх үр дүн:

Хог хаягдлын уламжлалт менежментийг сайжруулж орчин үеийн технологоор олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ нэвтрүүлнэ.

Стратегийн зорилт 1.2     Аюултай хог, хаягдлын цэгийг байгуулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Аюултай хог хаягдлыг устгах байгууламж бий болгох
  • Түүнийг цуглуулах, тээвэрлэх, устгах менежментийг шинэ түвшинд гаргах
  • Эмнэлэгийн хог хаягдлын устгах байгууламжийн чадварыг нэмэгдүүлэх
  • Бусад аюултай хог хаягдлын устгалын байгууламжийг байгуулах
  • Аюултай хог хаягдал устгалын байгууламжийн ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх
  • Бусад туршлагатай аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой ажиллах

Хүрэх үр дүн:

Аюултай хог хаягдлыг олон улсын жишигт хүрсэн технологийн дагуу устгаж, тухайн чиглэлийн ажилчдыг мэргэшүүлснээр болзошгүй эрсдлээс найдвартай сэргийлнэ.

Стратегийн зорилт 1.3 Нийслэлийн Хот тохижилтын газрын Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн албаны Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хог хүлээн авах талбайн 1, 2-р үе дээр нөхөн сэргээлт хийх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • 1, 2-р үеийн хог болон гадаргууг бульдозероор түрж тэгшлэх
  • Тэгшилсэн гадаргууг шороогоор хучих
  • Хучсан шороог дагтаршуулж, норм хэмжээнд хүргэх
  • 1, 2-р үе дээр хар шороогоор хучилт хийх
  • Зүлэг ногоо болон мод тарих

Хүрэх үр дүн:

  • Хөрсний бохирдол багасна
  • Орчны агаарын бохирдол багасна
  • Орчны өнгө үзэмж сайжирна
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ-2  Гудамж талбайн цэвэрлэгээнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, техник хэрэгслээр өндөр бүтээмжтэй ажиллах

Техник хэрэгслээр өндөр бүтээмжтэй ажиллах зорилт нь Монгол орны эрс тэс цаг уурын улмаас өвлийн улиралд олон хоног үргэлжлэн цас орох, зуны улиралд үер буух зэрэг хүний хөдөлмөрт дийлдэшгүй нөхцөл байдал үүсэх болон иргэд аюулгүй ажиллаж амьдрахад таатай орчин бүрдүүлэх үүднээс нийтийн үйлчилгээг хүн хүч хөнгөвчилж, түргэн шуурхай, цаг тухайд нь гүйцэтгэхэд чиглэнэ.

Стратегийн зорилт 2.1    Дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Автозам угааж, сорох машин ашиглах
  • Явган зам цэвэрлэх машин ашиглах
  • Явган замын цас бутлах, цэвэрлэх төхөөрөмж ашиглах
  • GPS хяналтын систем ашиглах
  • Хөдөө аж ахуйн бага оврын олон үйлдэлт трактор ашиглах
  • Инженерийн шугам, сүлжээний бөглөрөл буудуулж гаргах төхөөрөмж ашиглах
  • Машин техникийн ашиглалт засвар үйлчилгээг сайжруулж, парк шинэчлэлтийг үе шаттайгаар хийх
  • Газрын ажилд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, түүнтэй холбогдсон сургалт, семинарыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж хянах

Хүрэх үр дүн:

Цаг хугацаа хэмнэх, ажлын бүтээмж дээшлүүлэх, нэг өдөрт гүйцэтгэх ажлын нормыг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын гэнэтийн нөхцөл байдалд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллах боломжтой болно.

Стратегийн зорилт 2.2     Шуурхай удирдлагын төвийн менежментийг шинэ түвшинд хүргэх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Камерийн хяналтын нэгдсэн системтэй болох
  • Хотын төвийн гудамжуудыг 100% камерын дүрсээр авч, нийтийн үйлчилгээний чанарыг хянах
  • Төвлөрсөн хогийн цэгүүд дээр 10, автобаазуудын 4-н камерийн дүрсийг 100% хянах
  • Машин механизм, хог тээврийг GPS төхөөрөмжөөр 2016-2020 онд 100% хувь хянах
  • Шуурхай бригад, засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх
  • Мэдээллийн санг бүрдүүлэх, цахимжуулах
  • Утсаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг цахим хэлбэрт оруулж процессийг хянах, боловсруулалт хийх тогтолцоонд шилжих /програм/
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл ажлын явц, доголдол, шалтгааныг төрөлжүүлж мэдээллийн санд оруулах

Хүрэх үр дүн:

Өдөр тутмын үйл ажиллагааны явцыг нарийн хянах, бүтэц нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг түргэн шуурхай түгээх, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх бололцоо бүрдэнэ.

Стратегийн зорилт 2.3   Төв замын өвлийн арчлалтын менежментийг шинэ түвшинд гаргах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Офицерийн ордноос Саппорогийн уулзвар хүртэлх замыг техник ашиглан цэвэрлэх
  • Өвлийн улиралд автозам, явган замын халтиргаа гулгаа арчлалтын менежментийг хийх
  • Цэвэрлэгээг шөнийн цагаар хийж өглөө ажлын цаг эхлэхээс өмнө дуусгахаар зохион байгуулах
  • Төв зам дээр ажилладаг ажиллагсадыг автын ослоос сэргийлэх
  • Цэвэрлэгээний тоноглол бүхий автомашиныг нэмэгдүүлж худалдан авах төсвийг нь жил бүрийн хөрөнгө оруулалтын төсөвт суулгаж ажиллах

Хүрэх үр дүн:

Төв замын ачаалал хамгийн их байдаг, төв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ нь замын хөдөлгөөн удааширхад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг,  үйлчилгээний ажилчид төв зам дагуух ажлын талбайд авто осолд орох тохиолдол их байдаг зэрэг төв замын цэвэрлэгээ үйлчилгээнд үүсдэг хүндрэлүүдийг арилгана.

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ-3     Ногоон байгууламжийн тохижилт арчилгааны менежментийг олон улсын жишигт хүргэх

Ногоон байгууламжийн тохижилт, арчилгаа, нөхөн сэргээлт нь хотын өнгө үзэмжид шууд нөлөө үзүүлэхээс гадна амьдрах таатай орчин бүрдүүлэх, тоосжилт, тоосны харшлын өвчлөлийг багасгах,  агаарын бохирдлыг бууруулах, хотын дуу чимээ болон нүүрсхүчлийн хийг багасгахад гол нөлөөтэй бөгөөд хот төлөвлөлтийн чанарыг  тодорхойлдог чухал үзүүлэлт юм.

Стратегийн зорилт 3.1    Ногоон байгууламжийн тохижилт арчилгааны менежментийг сайжруулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Гудамж талбайн ногоон байгууламжийн төлөвлөлтийн зураг гаргах
  • Зураглалын дагуу төсөв боловсруулах, төлөвлөгөө, төслийн дагуу ажиллах
  • Мод үржүүлгийн газартай болох, өөрийн нөөц тарьц суулгац бэлтгэх
  • Ногоон байгууламжийг услах услалтын систэмтэй болох
  • Хариуцсан гудамж талбайн дагуу гүний худаг гаргах
  • Гоёлын бут сөөгийг голчлон тарих
  • Авто замын уулзваруудыг цэцэгжүүлэх (олон наст цэцгийг тарих)
  • Ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, нөхөн сэргээхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Хүрэх үр дүн:

            Ногоон байгууламжийн тохижилт арчилгааны менежментийг сайжруулах нь Хот тохижилтын газрын салбар үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэхээс гадна нийтийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн хотын өнгө төрх сайжирч иргэдийн оршин суух таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Стратегийн зорилт 3.2    Иргэд чөлөөт цагаа өнгөрөөж амарч тухлах ая тухтай ногоон байгууламжууд байгуулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Иргэд чөлөөт цагаа өнгөрөөж амардаг хэд хэдэн бүсийн ногоон байгууламжийн менежментийг шинэ түвшинд хүргэх
  • Улаанбаатар хотын “2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлын хүрээндэх Туул гол, түүнд цутгах Сэлбэ, Улиастай болон бусад жижиг голын хөндийг            хамарсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах төлөвлөгөөтэй уялдуулах
  • Хотын эргэн тойрны байгаль орчинтой шууд холбогдсон томоохон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий байгальд ээлтэй менежментийг хэрэгжүүлэх
  • Хотын төв хэсэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэн шинээр барилга барих нөхцөлийг хязгаарлах

Хүрэх үр дүн:

Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэн, байгаль орчин, ногоон байгууламжид хандах хандлагыг нэмэгдүүлж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилт 3.3    Мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй байгуулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:     

  • Мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл боловсруулж төслийн дагуу гүйцэтгэх
  • Жил бүр худалдан авдаг нэг наст цэцгийн үрсэлгээ, мод, бут, сөөг худалдан авах зардлыг бууруулах
  • Бага зардлаар их хэмжээний ногоон байгууламжийн нөхөн сэргээлт хийх боломжоор хангагдах

Хүрэх үр дүн:

Хот тохижилтын газар өөрийн харъяаны мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй байгуулах нь тус газарт төсөв мөнгө хэмнэх, ногоон байгууламжийн ажлын тооцоо, төлөвлөгөөг сайжруулах, газрын агрономчид, мэргэжилтнүүдийн ур чадварыг бүрэн дайчилж нийтийн гудамж талбайн ногоон байгууламжид тохирсон бут сөөг, зүлэг, цэцгийн сортоор хангагдах нөхцлийг бүрдүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ-4    Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх

Стратегийн зорилт 4.1    Ургамлын тоосны харшил үүсгэгч хог ургамлын тархалтыг хязгаарлах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Талбайн хог ургамал устгах тусгай зориулалтын ургамлын хор хэрэглэж хүний хөдөлмөр, цаг хугацаа, зардал хэмнэх
  • Харшил үүсгэгч хог ургамлын тархалтын талбайг багагсгах
  • Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх
  • Хог ургамлын устгал хийсэн талбайг зүлэгжүүлэх
  • Тоосонцорын дэгдэлтийг бууруулах арга хэмжээ авах

Хүрэх үр дүн:

7, 8, 9-р сарууд нь ургамлын тоосны харшлийн дэгдэлтийн үе байдаг бөгөөд хавар хог ургамал ургаж эхлэхээс урьтан зориулалтын ургамлын хор хэрэглэж нэгэнт үндэслэж ургасан хог ургамлыг гар аргаар түүж цэвэрлэх ажлыг халах, хөнгөвчлөх, нэг хүнд ноогдох зүлэгжүүлэлтийн талбайг нэмэх зэрэг нь иргэдийн харшлын өвчлөл багасахад нөлөөлнө.

Стратегийн зорилт 4.2    Эзэнгүй нохой, муурын устгалын ажлыг чанаржуулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Нохой, муурын сэг, зэмийг технологийн дагуу шатаах
  • Шатаах зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэн үр ашигтай ашиглах
  • Халварт өвчний тархалт гаргахаас сэргийлэх
  • Хөрсний бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх

Хүрэх үр дүн:

Байгаль орчны бохирдол, хөрсний бохирдолийг бууруулах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлнэ.

Стратегийн зорилт 4.3     Нийтийн бие засах газар, тамхи татах цэгийн үйлчилгээ үзүүлэх /City toilet

      Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Нийтийн бие засах газрын төлбөрт үйлчилгээнээс татгалзаж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг болох
  • Тамхи татах цэгийн ашиглалтыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг нэвтрүүлэх
  • Нийтийн бие засах газрын цэгийн тоог нэмэгдүүлэх өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах

Хүрэх үр дүн:

Нийтийн бие засах газрууд, тамхи татах цэгүүдийн хүрэлцээ хангалтгүй, үнэ төлбөртэй зэргээс үүдэж иргэд гудамж талбайн булан тохойд бие засах, нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах гэх мэт хууль дүрэм, орчны эрүүл ахуйд үүсгэдэг хүндрэлүүдийг шийднэ.

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ-5    Нийгмийн түншлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх шинэчлэл

Стратегийн зорилт 5.1     Хот тохижилтын ажил, үйлчилгээнд Олон улсын ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх нөхцлийг хангах
  • Байгууллагыг бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн дайчлах
  • Нийслэлийн удирдлага, бусад холбогдох газруудтай уялдаа холбоотой ажиллах
  • Олон нийтэд нийтийн үйлчилгээг шинэ стандартаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулах, эерэг ойлголт өгөх
  • Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжих зөв хандлагыг сурталчлах
  • Шаардлагатай эрх зүйн акт, дүрэм, журам бодлого, саналыг дээд газарт уламжлах

Хүрэх үр дүн:

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн алсын хараа нь Олон улсын жишигт хүрсэн нийтийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлнэ гэж тодорхойлсон үйл ажиллагааны тэргүүн зорилгодоо хүрнэ.

Стратегийн зорилт 5.2     Улаанбаатар хотын иргэдэд хүрээлэн буй орчны талаар таниулах, ухуулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Оюутан сурагчдад хог хаягдлын менежмент, хүрээлэн буй орчны талаар сургалт зохион байгуулах
  • Байгууллагын үйл ажиллагаа, бодлого, менежментийг сошиал медиа ашиглан иргэдэд зөв цэгцтэй ойлголт өгөх
  • Нийгмийн сүлжээ, сошиал медиа ашиглан иргэдийн гомдол саналыг хүлээн авах
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хог хаягдал, хүрээлэн буй орчны талаар практик сургалт явуулах

Хүрэх үр дүн:

Иргэд нийтийн үйлчилгээ, хүрээлэн буй орчны талаар зөв ойлголттой болох, нийгэм зөв хандлагатай болсноор хүний ухамсаргүй үйлдлээс үүдэлтэй орчны бохирдол багасна.

Стратегийн зорилт 5.3    Санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Хог тээврийн менежмент, түүнээс олох орлого
  • Хог тээврийн түрээсийн тарифыг инфляцийн түвшинтэй уялдуулан 1-2 жил тутамд шинэчлэн батлуулж мөрдөн ажиллах
  • Мод үржүүлэг, хүлэмжийн байгууламжийн ургацаас орлого олох
  • Байгууллагын бизнес төлөвлөгөөг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан баяжуулан шинэчилж, үр дүнг цаг тооцож ажиллах
  • Газрын материал хангамж, бэлтгэн нийлүүлэгтийн оновчтой харилцааг бүрдүүлэх

Хүрэх үр дүн:

            Улсын төсвөөс бүрэн хамааралтай байдал арилж, нөөц боломжоо ашиглан нэмэлт орлого олох, тооцоологдоогүй зардлыг нөхөх зэргээр байгууллага ашигтай ажиллахад түлхэц болно.

Стратегийн зорилт 5.4     Байгууллагын боловсон хүчний чанар, инженерүүдийн мэдлэгийг дээшлүүлэх хүний нөөцийг хангаж ажиллах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Удирдах ажилтны удирдах арга барилыг сайжруулж, манлайлал бий болгох
  • Ажилчдыг огтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бололцоог бүрэлдүүлэх, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан ажилчдыг шагнаж урамшуулах
  • Сургалт, судалгааны бодлогыг шинэчлэн шилдэг туршлага, арга зүйг сурч эзэмших,  байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
  • Удирдлагын мэдээллийн систем, дотоодын болон хөндлөнгий хяналтыг сайжруулж, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлж, тэдний нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах
  • Хүний нөөцийн хангамж  чадавхийг дээшлүүлж, боловсон хүчнийг хөгжүүлэн төлөвшүүлж, хөдөлмөрийн бүтээмж, ажлын үр дүнг дээшлүүлэх
  • Алба нэгжүүдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах талаар сургалт судалгааны ажил зохион байгуулах

Хүрэх үр дүн:

Байгууллагын цөм болох ажилчдын мэдлэг, ур чадврыг дээшлүүлж, ажилдаа хандах идэвхи санаачлагыг нэмэгдүүлснээр ажил гүйцэтгэлийн үр дүн хамгийн боломжит түвшинд хүрч сайжирна.

Стратегийн зорилт 5.5    Нийслэлийн иргэдийг нийтийн үйлчилгээний бодит мэдээллээр ханган, сургалт, сурталчилгааны ажлыг явуулах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Иргэдийг нийтийн үйлчилгээнд эерэг хандахад зориулагдсан сургалт, сурталчилгаа явуулах, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  • Телевизүүд, Нийслэлийн болон байгууллагын вэб хуудсанд үйл ажиллагааны талаар мэдээллийг ил тод хүргэх, цахим орчинд зөвөөр таниулан сурталчлах
  • Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах,  нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх

Хүрэх үр дүн:

Иргэдэд нийтийн үйлчилгээний үйл ажиллагааг дэмжиж, ажлын онцлогийг зөв ойлгон ухамсар соёлтой хандах үзлийг бий болгох нь  нийтийн үйлчилгээний ажилчдын ажлын ачааллыг бууруулна.

Стратегийн зорилт 5.6    Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг олон нийтэд ил тод байлгах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах төсвийн зардлын төлөвлөгөөний хуваарийг сар улирлаар гаргаж, хуваарийн дагуу санхүүлжилтыг авч, гүйцэтгэлийг гаргах
  • Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн мэдээг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хугацаанд нь гаргаж холбогдох газруудад өгч байх
  • Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогыг хуулийн хугацаанд нь хийж , шинээр нэмэгдсэн болон актлах, устгах үндсэн хөрөнгийн тооцоо судалгаа жагсаалтыг гаргаж, зохих зөвшөөрлийг Нийслэлийн өмчийн харилцааны газараас авах, Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хөдлөл өөрчлөлт нэг бүрийг санхүүгийн тайланд тусган ажиллах
  • Нийслэлийн болон байгууллагын вэб хуудсанд Шилэн дансны хуулийн дагуу үйл ажиллагааны тайлан болон хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ажил, санхүүжилтын талаар мэдээллийг ил тод хүргэх
  • Зардлыг бууруулж ажлын чанар бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх, шинэ арга барил дэвшилтэт техник технологи, мэдээллийг судлаж хэрэгжүүлэх
  • Хот тохижилтын газар тухайн жилд шаардагдах санхүүжилт хөрөнгө оруулалтын хэмжээг бодитойгоор төлөвлөж төсвийн ерөнхийлөн захирагчид уламжлах

Хүрэх үр дүн:

Газрын эдийн засаг, санхүүгийн тооцоо, төлөвлөгөөг тогтмол хугацаанд гаргаж байх нь үйл ажиллагаа тогтвортой, төлөвлөсний дагуу явагдах нөхцөл бололцоог найдвартай ханган холбогдох хууль дүрмийг сайтар мөрдсөнөөр төсвийн зарцуулалт ил тод байна.

Стратегийн төлөвлөгөө 5.7     Газрын дотоод үйл ажиллагааг сайжруулах

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Үйл ажиллагаандаа тогтмол судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, ажлын уялдаа холбоог сайжруулах
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс гарсан гомдол, санал хүсэлтийг хүлээн авч богино хугацаанд зөв зохистойгоор шийдвэрлэх
  • Газрын зах зээл буюу үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тодорхой чиглэлэээр санал асуулга, судалгааны ажлыг зохион байгуулж байх
  • Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тогтмолжуулж, ажлын үр дүнг томъёолох

Хүрэх үр дүн:

Газрын дотоод үйл ажиллагааны алдаа оноог илрүүлэх, цаг тухай бүрт нь засаж залруулах боломж бүрдэнэ. Үйл ажиллагаагаа улам сайжруулж цаашид илүү үр бүтээлтэй, чанартай ажиллах үндэс болно.  

дөрөвдүгээр бүлэг. стратеги төлөвлөгөөний хэрэгжилт

4.1 Стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, бүтэц зохион байгуулалт

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын чиг үүргийг Хот тохижилтын газрын орлогч дарга нар хариуцаж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдэд стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг, төсвийн хамт хуваарилж үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж өгнө.

Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийг гаргах, тайлагнах асуудлыг Захиргаа хүний нөөцийн хэлтэс хариуцна.

Стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Байгууллагыг чадавхижуулах:

  • Үндсэн ажлуудыг чадварлаг, туршлагатай хүнд хариуцуулах, ажлын хэсэг байгуулж ажиллуулах
  • Зайлшгүй шаардлагатай ур чадвар, удирдах чадвар, хөрөнгө оруулалтын  хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх дараалал, ач холбогдлыг  эрэмбэлэх
  • Стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтыг хийх

2. Төсөв зохиохдоо нөөцийг хүрэлцээтэй байхаар төлөвлөх:

  • Төсвийн төлөвлөлтөөс
  • Бусад эх үүсвэрээс

3. Бодлогын удирдамжаар хангах

  • Стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Доголдлыг арилгах, тодотгол хийх
  • Заавар, зөвлөмжөөр хангах

4.2 Стратеги зорилтуудыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

            Бид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник, технологийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэхийн зэрэгцээ хотын хөгжлийн салшгүй хэсэг болсон ногоон байгууламж, ландшафтыг хөгжүүлэх шинэ менежментийг удирдлага болгон ажиллах болно гэсэн зорилтондоо хүрэх зорилтуудыг дэвшүүлж шат дараатай, зохион байгуулалттай ажиллахаар төлөвлөж байна.

Ногоон байгууламжийн тохижилт арчилгааг сайжруулснаар нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж нэмэгдэж ургамлын харшлын өвчлөл харьцангуй буурна.

Золбин нохой, муурын сэг, зэмийг технологийн дагуу шатаах нь халдварт өвчний тархалтыг гаргахгүй байх, хөрсний бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын овор хэмжээг бууруулан ландфилл технологиор булахад багахан хэмжээний үнс гарах зэрэг эерэг үр дүнтэй юм.

Хог, хаягдлын менежмент-д 4R менежментийг нэвтрүүлснээр ландфилл технологийн /хог хаягдлыг хөрсөөр дарж булах технологи/-зардлыг бууруулна.  Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх нь нийслэлийн иргэдийн эрүүл амьдрах орчин нөхцөл сайжирч Улаанбаатар хотын эрүүл аюулгүй байдлын индекст эерэг нөлөө үзүүлэх юм.

            4.3 Стратеги төлөвлөгөөний биелэлтийн хяналт, үнэлгээ

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болон дотоод хяналтын мэргэжилтэн нь бусад алба хэлтэстэй хамтран стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах, зорилтод төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээнд тулгуурлан мэдээлэл цуглуулах, бодлогын дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, үйл ажиллагааг засч чиглүүлэх, тайлагнах үүрэг хүлээнэ.

Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа зорилтод төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг тухайн төсөл, хөтөлбөрийн зорилго, зорилт, арга хэмжээнээс хамааран тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэнэ.