Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа.

Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал Шилдэг эмэгтэйгээр шалгарав. Д.Түмэнжаргал нь Гэр бүлээрээ үүрийн 04 цагаас үдшийн бүрий хүртэл нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө зүтгэдэг шар хантаазтануудын нэг нь билээ. Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг хэмээн дүгнэдэг бүсгүй маань их ажлынхаа хажуугаар боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр шамдан суралцаж буй ажилсаг дайчин бүсгүй юм.