Л.Баатарцогт: Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн

ногоон байгууламж

Энэ зун нийслэл хотод өнгө нэмэх ногоон байгууламжийн талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л. Баатарцогтоос тодрууллаа.

-Энэ жилийн ногоон байгууламжийн онцлогийн талаар ярихгүй юу. Хичнээн мод сөөг, зүлэг тарьж байгаа вэ?

-Ногоон байгууламжийн ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. 100-гаад гудамжинд 2.5 сая ширхэг мод сөөг, 1.1 сая ам метр зүлэг тарилаа. Одоогоор гудамжинд байгаа ногоон байгууламж, мод сөөгөө услах, мод шохойдох, зүлгийн талбайгаа самнаж, хогноос нь салгах ажил хийж байна. Ногоон байгууламжийн арчилгаа энэ жил цас ортол буюу арванэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ жил ногоон байгууламжид өвөрмөц арга барил оруулахыг хичээсэн. Нэгдүгээрт, өмнө нь нийслэлд байгаа ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэхийг зорьдог байсан бол одоо мод сөөгийг нягтаршуулахаар ажиллаж байна. Жишээ нь: Их тойруу, Бага тойрууд тарьсан мод мөхөж, унасан байсан. Үүнийг нөхөж тариад тухайн талбайг битүүлэхийг зорьж байна. Хашлагыг битүүлснийхээ дараа улиас модны завсар шилмүүс мод тарина, гадуур нь гоёлын мод сөөг олноор тарина. Мөн Эскадрилийн хөшөөнөөс Таван шар хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөнд 1700 том мод тарьж зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлж иж бүрэн ногоон байгууламж бий болгоно. Тэгэхээр энэ жилийн ногоон байгууламжид баримталж буй бодлого бол талбайг бус нягтаршлыг нэмэгдүүлэх юм.

-Ногоон байгууламжийн арчилгааг хэдэн хүн хариуцаж байна вэ?

-Мод сөөг, зүлэг зэрэг ногоон байгууламжийн арчилгаанд Улаанбаатар хотын “Хот тохижилтын газрын 150 цэцэрлэгч, 60-аад хувийн хэвшлийн компанийн 400-гаад цэцэрлэгч ажиллаж байна.

-Ногоон байгууламжид цэцэг өнгө нэмдэг. Энэ жилийн хувьд хэдэн цэцэг тарих вэ? Мөн ногоон байгууламжид хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Цэцгийг өмнөх жилтэй ижил 15-20 мянган ам метр талбайд тарьж байгаа. Сүхбаатарын талбай зэрэг төв хэсэг, Автозамын аюулгүйн тойрог, тусгаарлах зурвас дээр цэцгээ тарина. Цэцэгжүүлэлтэд 200-гаад сая төгрөг зарцуулж байна. Энэ жилийн хувьд цэцгийн төрөл, тоог өмнөх жилийнхээс нэмэлгүйгээр, мод сөөг нэмж тарьж байгаа. Мод сөөг, цэцэг, зүлэг, ногоон байгууламжийг арваннэгдүгээр сар хүртэл усалж, арчлах зэрэгт 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Цэцгийн үрийг хаанаас оруулж ирдэг вэ?

-Цэцгийн үрийг бид авчирдаггүй болохоор хаанаас оруулж ирдэгийг сайн мэдэхгүй байна. Бид тендерээс шалгарсан компанийн оруулж ирсэн үрийг ашигладаг. “Соёолж”, “Мон флора” зэрэг цэцэг үржүүлгийн 30-аад компаниас Улаанбаатар хотын Хот тохижилтын газар худалдаж авч тарьдаг юм.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*