Хотын дарга Цагаан давааны хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

DSCN1773Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж харав. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг байна. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хог хаягдлыг боловсруулахад нэн тэргүүнд айл өрхүүд хогоо дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хэмээн ангилан ялгадаг болох хэрэгтэй гэдгийг Хот тохижилтийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулав.

Нэг тонн хог хаягдлыг ландфиллын аргаар устгахад 2080 төгрөг зарцуулахаар 2006 онд баталсан байна. Түүнчлэн хог хаягдал булах тоног төхөөрөмж, эвдэрч, хуучирснаас эхлээд олон асуудал тулгарсан тул судалгаа хийж, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатайг албаныхан онцолж байлаа.

3_20170331085018

Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарахаа хэлээд, “Надад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй олон аж ахуйн нэгж ханддаг. Гэвч нийслэлээс гарч буй хог, түүний онцлогт судалгаа хийж, ТЭЗҮ-гээ боловсруулаагүй байдаг” хэмээв. БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, “Өндөр хөгжилтэй орнууд ландфилл технологиос татгалзаж, дахин боловсруулах чиглэлд түлхүү ажиллаж байгаа. Манайх ч удахгүй энэ системд орно. Гэхдээ айл өрхүүд хог хаягдлыг ангилан ялгадаг болохоос эхлээд эрхзүйн орчиндоо тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийслэлийн нийт хаягдлын 59 хувийг барилгын хог эзэлдэг. Үүнийг ахуйн хогтой хамт хаяхаар дахин боловсруулахад ихээхэн хүндрэл учруулдаг. УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул энэ хаврын чуулганаар нэн даруй батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна. Хуулийн хүрээнд хог тээвэрлэх, устгах гээд бүх ажлыг журамлаж өгнө. Түүнчлэн аюултай хог хаягдлыг устгах газрыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ, НЗДТГ болон Төв аймгийн ЗДТГ-тай ярилцаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” хэмээв.

DSCN1813

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*